Цахим бизнес гэж ер нь юуг хэлээд байна вэ? Энэ нэр томъёог зөвхөн цахим хэлбэрээр худалдах, худалдан авах үйлдэл гэж ойлгох албагүй бөгөөд үүний цаана харилцагч нарт үзүүлж буй үйлчилгээ, бизнесийн түнш, төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, цахим санхүүгийн гүйлгээ, нууцлалын асуудал, эдгээртэй холбоотой эрхзүйн орчин зэрэг бүхэл бүтэн цогц систем ойлгогдох ёстой юм. Яг энэ утгаар нь миний бие асуудлыг хөндөн Монголд улсад маань өрнөж буй үйл явдлыг хураангуйлан багцлахыг оролдсон юм.
Дэлхийг хэрсэн интернэтийн сүлжээний ачаар л цахим бизнесийн гол ач холбогдол нь цаг хугацаа, орон зайн хязгаарыг үгүй хийснээс гадна үйлчилгээний хурд, чанар, өртөг, даяарчлал, мэдлэг, мэдээлэл солилцооны шинэ эрин үетэй бид нарыг холбож байгаа юм.
Интернэт хэрэглэгчдийн тоо 18 сар тутамд хоёр дахин нэмэгдэж байдаг судалгаа байдаг бөгөөд яг одоо дэлхийд 694 сая хүн интернэтийг ашиглаж байна (Michael, 2000; Батпүрэв, 2007). Харин Монгол улсын хувьд 2006 оны 12 сарын байдлаар 110,000 гаран өрх интернэт ашигладаг бөгөөд интернэт тогтмол хэрэглэдэг хүмүүсийн тоо нь 500,000 хүрч байгаа (Болд, 2007).
1990 онд дэлхий дээр нийт ердөө 1000 интернэт хост буюу интернэтийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд байсан бол 1999 оны байдлаар энэ тоо нь 90 сая аль хэдийнээ даваад байлаа (Michael, 2000). Одоо чухам энэ тоо хэд болсныг төсөөлөхийн аргагүй болоод байна. Бид энэхүү “их хурдны зам”-ын яг хаана нь яваад байна аа?
Booz-Allen&Hamilton компанийн 1999 онд төрөл бүрийн чиглэлийн бизнес эрхэлдэг 525 компаниудын удирдлагуудаас авсан судалгаагаар интернэт ба цахим бизнес нь тэдний бизнесийн үйл ажиллагаанд шууд нөлөөлж эхэлсэн ба үүнээс болж судалгаанд оролцогчдын 90% нь компанийнхаа стратегийг өөрчлөхөд хүрсэн байна (Thomas, 2002). Нэгэнт нийгмийн түүчээ давхрага нь бусдыгаа татаж явдаг жам ёсоор жижиг дунд бизнес эрхлэгч нар болон хувиараа бизнес эрхлэгч иргэд хүссэн хүсээгүй дэлхийн том компаниудын энэхүү стратегийг дагаж эхлээд байна.
Ер нь бол түүхээс нь үзвэл цахим бизнес нь анх 1970-аад оны эхээр үүссэн бөгөөд энэ үед цөөн хэдэн томоохон компаниуд л хэрэглэдэг байсан бол 1995 оны байдлаар дэлхий даяар хийгдэж байсан цахим бизнесийн дүн 19 тэрбум ам. долларт хүрээд байлаа (Michael, 2000). Мөн 1980-аад оны дундуур терминалын төвшинд л цахим нэхэмжлэхийн систем нэвтэрч эхэлсэн байсан бол одоо зөвхөн PayPal-р дамжин хувь хүмүүс хооронд 2005 оны байдлаар л гэхэд 25 тэрбум ам. долларын цахим гүйлгээ нийт 64 сая гаруй цахим дансаар дамжин хийгдсэн бол бизнесийн байгууллагуудын хооронд 2002 оны байдлаар 102 тэрбум ам. долларын гүйлгээ, 2004 онд 428 тэрбум ам. долларын гүйлгээ хийгдээд байна (Michael, 2000; Nikolai, 2006; Батпүрэв, 2007). Neal (2004) энэ тоо 2004 онд 3,2 триллион ам. долларт хүрнэ гэж урьдчилан тооцоолж байсан ч 6,9 триллион ам. долларт хүрээд байлаа (Thomas, 2002).
Ерөнхийдөө дэлхий даяар цахим бизнес жилийн 30%-ийн байнгын өсөлтийн хандлагатай байна. Дэлхийн том компаниудын 97% нь өөрсдийн вэб хуудастай бөгөөд тэдний 53% нь зөвхөн интернэт худалдаа хийх зорилготой хийгдсэн вэб хуудсууд байгаа бөгөөд чухам л эдгээр вэб хуудсуудын ачаар FedEx, Cisco зэрэг компаниуд сая сая доллар хэмнэсэн түүхтэй билээ (Michael, 2000). Thomas (2002)-ийн дурдсанаар бол компаниудын мэдээллийн технологид зарцуулах төсөв жил болгон дунджаар 11%-р нэмэгдэж байгаа нь урьд нь төсөвлөдөг байснаас даруй 200% өсчихөөд байгаа нь бодит байдал юм.
Ер нь цахим бизнесийн түүхийг маш товчоор дараах 4 үед хувааж болох юм.
1970-аад оны эхэн үе. Энэ үед анхны компьютерүүдийг ашиглан компаниудын арын албаны үйл ажиллагааг, жишээлбэл, цалин бодох, хүний нөөцийн бүртгэл, авлага, өглөгийн бүртгэл, томоохон хэмжээний мэдээллийн санг үүсгэх, түүнтэй холбоотой үйл ажиллагааг автоматжуулах, хөнгөвчлөх зорилгоор ашиглаж байлаа.
1980-аад оны эхэн үе. Энэ үеэс эхлэн одоогийн Word, Excel-ийг ашиглан мэдээлэл задлан шинжлэх, судалгаа хийх түвшинд ашиглаж эхэлсэн.
1990-ээд оны эхэн үе. Энэ үеэс эхлэн цахим бизнес гэдэг утга нь компаниудын үйл ажиллагаа, маркетингийн талбарт илүү хэрэглэгдэх болсон. Өөрөөр хэлбэл компанийн бүтээмжид шууд нөлөөлж эхэлсэн үе юм.
2000 оны эхэн үе. Энэ үеэс эхлэн ложистик болон нийлүүлэлтийн суваг, цахим худалдаа, мэдлэг дээр суурилсан бизнесийн эрин үе эхэлсэн бөгөөд компаниудын хувьд өрсөлдөх давуу талыг олгож эхэлсэн гэж хэлж болно.
Wednesday, April 15, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment